Saturday, March 16, 2013

МОНГОЛ БИЧИГ ДЭЛГЭРТҮГЭЙ



Урчуудын эвлэлийн хорооны Үзэсгэлэнгийн танхим монгол бичгээр гоёчихож. Энд тэндгүй ярайн харагдах уран бичлэгүүд үзэсгэлэнт бүсгүй галбираа гайхуулах мэт яруу тансаг агаад хараа булаам. Зураач, уран бичээч Ц.Бямбажав монгол бичгийн өв соёлыг түгээхээр “Дэлгэртүгэй” үзэсгэлэнгээ нээжээ. Д.Нацагдорж, Б.Ринчен, Р.Чойном, Т.Галсан зэрэг алдартай зохиолчдын хэлсэн үг, шүлгийн хэсгээс уран бичээч бүсгүй бүтээлдээ тусгасан нь төгс хослол гэлтэй. Тэрбээр яруу найрагт дурлагчдын нэг бөгөөд

“Цэлмэг тэнгэртэй морьтон түмний

Цэцэгс адил дэлгэрэх Монгол бичиг минү

Цэцэн билигт өвөг дээдсийн маань

дуун эгшигтэй Монгол бичиг минү...” хэмээн

бичсэн өөрийн шүлгээ ч монгол бичгээр чимэглэчихэж. Ц.Бямбажав үзэсгэлэндээ уран бичлэгийн 40, баримлын зургаан бүтээлээ дэлгэжээ. Тэрбээр “Уран бичлэгийг цаасан дээр дүрслэхээс гадна баримлаар ч хийж болно гэдгийг харуулахыг хүссэн. Монгол бичиг бол өөрөө урлаг юм. Энэ их өв соёлоо дэлгэрүүлэх зорилгоор үзэсгэлэнгээ нээлээ” гэв. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим энэ сарын 21-нийг дуустал монгол бичгээр гоёно.

Б.ДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment